Америкт сурсан тэмдэглэл

Амралтаараа ямар ном унших вэ? гэж бодож байгаа танд энэхүү бестселлэр номыг санал болгож байна.
1990 -ээд оны үед Америк бол алс холын орон, тэнд очиж сурна гэдэг нь бүр бүтэшгүй хэрэг мэт санагддаг байсан үе. Англи хэл мэддэг хүн өдрийн од мэт ховор бөгөөд англи хэлний сургалтын төв нэг ч байгаагүй, ном сурах бичиг ховор байсан тэр үед Оюунгэрэл хэрхэн яаж англи хэл сураад, TOEFL-ийн шалгалт өгч тэнцээд Америкт очиж сурсан ба сурах сурахдаа дэлхийн хамгийн алдартай, чанартай, бас үнэтэй сургууль болох Станфордод суралцаж чадсан нууцаа энэхүү номонд дэлгэсэн байна.
Хэрэв та гадаадад суралцах талаар бодож байгаа буюу бэлдээд эхэлчихсэн бол, эсвэл хүсэл мөрөөдлөөсөө шантарчихсан байгаа бол энэхүү номыг заавал нэг уншаарай. Хэн ч ямар ч нөхцөл байдалд байсан чин сэтгэлээсээ хичээн хөдөлмөрлөх юм бол хүссэн амжилтандаа хүрч чаддагийгОюунгэрэл өөрийн амьдралын түүхээрээ харуулсан байна. Үүгээр ч зогсохгүй англи хэл сурах арга барил, сургуулиа сонгох, өргөдөл явуулах, сургуульдаа очоод хэрхэн суралцах талаар болон Америкийн соёл, аж амьдралын талаарх хамгийн хэрэгцээтэй, сонирхолтой мэдээллүүдийг Монгол хүний нүдээр харан оюун санаанд ойрхон буулган дүрсэлсэн нь энэхүү номыг уншихад улам амттай болгосон байлаа.
Миний хувьд энэхүү номыг уншиж дууссаны дараа яагаад гадаадад үргэлжлүүлэн суралцах хэрэгтэй билээ гэдгээ дахин эргэцүүлэхэд хүрсэн юм. Зарим хүүхдүүд Монголдоо сайн ажиллаж амьдрана, гадаадад сурлаа гээд яах вэ гэдэг. Мэдээллийн технологи, харилцаа холбооны дэвшлийн улмаас мөч тутамд улам хурдлан өөрчлөгдөж байгаа дэлхий ертөнцөд ажил үүргийн хуваарь ч мөн адил хувьссаар байна. Өнөөдөр mobilty буюу хувьсах чадвар сайтай, техник, технологи, өөрчлөлтийн боол нь биш эзэн нь байдаг хүн ядуурал, ажилгүйдэл, хямралаас дархлагдан хүсэл мөрөөдлийнхөө төлөө хувьслыг жолоодон амьдрах аж. Үнэндээ бидний ярьдгаар сурсан сураагүй хоёрын хооронд өнгөрдөг энэ 4 жилийн боловсрол цаг минутаар хувьсаж буй даяарчлагдсан дэлхийд 40 жилийн амьдралын баталгаа болж чадна гэж үү? Сур, сур бас дахин сур гэдэг үг Лениний үетэй цуг өнгөрсөнгүй өнөөгийн бидний амьдралын үндсэн зарчим болох бололтой.
Эцэст нь хэлэхэд Америкт сурсан тэмдэглэл хэрхэн ном шагайн, цагаа яс баримтлахыг та бүхэнд номлохгүй бөгөөд харин амьдрал гэдэг баялаг их сургуульд хүсэл мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөх урам зоригийг хайрлах болно.