1

МУИС-ийн Оюутан сургалтын эхний ээлж амжилттай явагдаж өнгөрлөө.

Posted by Economist on 7:21 AM in

Энэ удаагийн сургалт 12 сарын 4-нөөс 12 сарын 12 сарын 26-ний хооронд явагдаж математикийн 3, англи хэлний 1 анги хичээллэсэн. Ингээд манай сургалтын эхний ээлжээр 32 суралцагчид амжилттай суралцан төгслөө. Сургалтанд хамрагдсан сурагчид сэтгэгдэл өндөр байгаа бөгөөд сургалтын гол давуу талыг "оюутнууд хичээл заадаг тул харилцахад чөлөөтэй байдаг ба мэдэхгүй зүйлээ санаа зоволгүй асууж, санал бодлоо хуваалцах боломжтой байдаг явдал" гэж дүгнэцгээлээ.

Алтан - Өлзий багшийн хувьд математик бол хамгийн дуртай зүйл нь ийм ч учраас тэрээр улсын болон олон улсын математикийн олимпиадын амжилттай оролцогч. Суралцагчдадаа тоог олон өнцгөөс харан, оновчтой шийдлээр бодох арга замуудыг заах төдийгүй тоонд дуртай болох арга барилыг суулгадаг. Сургалтын шавь нар сүүлдээ самбар дээр гарч уралдан боддог болтлоо идэвх сонирхолтой болсныг харахад бахархалтай байлаа.

Золзаяа багш Ерөнхий Шалгалтанд улсдаа дээгүүрт орох өндөр гүйцэтгэл үзүүлсэн ба мөн л математикийн олимпиадын хот, дүүргийн алт, мөнгөн медальтан. Математик болон математикийг заах нь түүний хамгийн хийх дуртай зүйл. Хүн дуртай зүйлээ хамгийн сайн хийдэг гэдэг. Энэ ч утгаараа Золзаяа багшийн ангийн сурагчид сургалтандаа үргэлжлүүлэн суух хүсэлтэй байгаа. Хичээлийг сайтар ойлгуулах чадвар нь Золзаяагийн давуу тал билээ.

Тэмүүлэн багш шилдэг оюутан төдийгүй сайн багш болох нь түүний хичээлд сууж байгаа сурагчид үргэлжлүүлэн хичээллэж, найзуудаа уриалан авчирч байгаагаас харагдаж байгаа. Заах арга барил нь хүүхэд бүрийн онцлогийг харгалзан тулж ажиллах явдал юм. 10 жилдээ Математикийн аварга сурагч байсан бол одоогоор сургалтыг суралцагчдын хэрэгцээнд нийцүүлэн оновчтой арга барилаар заан чадвараа дахин баталсаар байна.

Мягмаржав болон Тэргэл багш нар англи хэлний сургалтыг мөн л амжилттай хичээллүүлэн төгсгөлөө.

Мягмаржав багш Англи хэлийг зөвхөн дасгал тест ажиллуулаад байх төдийгүй бодит амьдралаас сурч, буцаагаад амьдралд хэрэглэдэг болох, хэрэгтэй учраас сурдаг төдийгүй дуртай болтлоо сурахад нь чиглүүлэх арга замуудыг сургалтандаа нэвтрүүлэхийг хичээсэн. Үүний нэг нь англи хэл дээр урсдаг бичиг бүхий кино үзэн, давхар сонсголоо сайжруулж, үгсийн сан, хэрэглээний ярианы англи хэл сурч, англи, америкийн соёлтой танилцах боломжийг бий болголоо. Мягмаржав оюутан солилцооны хөтөлбөрөөр АНУ-д нэг жил суралцаад ирсэн бөгөөд англи хэл сурах өвөрмөц арга барил нь түүний амжилтын нууц юм болов уу?

Тэргэл багш түрүү жил Дэлхийн Эдийн Засгийн Бодлого дахь залуучуудын оролцоо хөтөлбөрийн хүрээнд Нэгдсэн Үндэсний Байгууллагад хүрэлцэн очиж Монголын Залуучуудын дуу хоолойг хүргэн, амжилттай оролцоод ирсэн. Экономист клубын гишүүн бөгөөд чөлөөт цагаараа блог хөтлөн, Монголын кино фанатуудын клубт идэвхийлэн зүтгэж байна. Сонирхолтой амьдралын хэв маягтай түүний амьдралын салшгүй нэг хэсэг англи хэл бөгөөд англи хэлийг амжилтынхаа нууц болгосон түүнийг манай сургалтын багш болсонд бид бахархалтай байгаа.

1 сарын 14-с бид шинэ ээлжийн сургалтаа эхлэх бөгөөд энэ удаагийн сургалтын чиглэлийг суралцагчдын санал асуулгыг авах, шалгалт авах замаар тодорхойлох юм. Сургалтад дахин хамрагдаж байгаа суралцагчдад 11% -ийн хөнгөлөлт үзүүлж байгаа. Мөн 5 найз хамрагдвал 1 нь үнэгүй, сургалтад хамрагдсан бүх сурагчдад "800 оноонд хүрсэн миний амжилтын нууц" зэрэг номнуудыг бэлэглэх болно.

Нийтэлсэн: Хандсүрэн


1 Comments


Иийшээ админий эрхийг нь аваад багш нар бусаддаа туршлага болохоор нийтлэлүүдийг бичвэл зүгээр юм байна.

Post a Comment

Copyright © 2009 Economist All rights reserved. Theme by Laptop Geek. | Bloggerized by FalconHive.