Posted by
Economist
on
7:45 PM
in
Ном
Амралтаараа ямар ном унших вэ? гэж бодож байгаа танд энэхүү бестселлэр номыг санал болгож байна.1990 -ээд оны үед Америк бол алс холын орон, тэнд очиж сурна гэдэг нь бүр бүтэшгүй хэрэг мэт санагддаг байсан үе. Англи хэл мэддэг хүн өдрийн од мэт ховор бөгөөд англи хэлний сургалтын төв нэг ч байгаагүй, ном сурах бичиг ховор байсан тэр үед Оюунгэрэл хэрхэн яаж англи хэл сураад, TOEFL-ийн шалгалт өгч тэнцээд Америкт очиж сурсан ба сурах сурахдаа дэлхийн хамгийн алдартай, чанартай, бас үнэтэй сургууль болох Станфордод суралцаж чадсан нууцаа энэхүү номонд дэлгэсэн байна.Хэрэв та гадаадад суралцах талаар бодож байгаа буюу бэлдээд эхэлчихсэн бол, эсвэл хүсэл мөрөөдлөөсөө шантарчихсан байгаа бол энэхүү номыг заавал нэг уншаарай. Хэн ч ямар ч нөхцөл байдалд байсан чин сэтгэлээсээ хичээн хөдөлмөрлөх юм бол хүссэн амжилтандаа хүрч чаддагийгОюунгэрэл өөрийн амьдралын түүхээрээ харуулсан байна. Үүгээр ч зогсохгүй англи хэл сурах арга барил, сургуулиа сонгох, өргөдөл явуулах, сургуульдаа очоод хэрхэн суралцах талаар болон Америкийн соёл, аж амьдралын талаарх хамгийн хэрэгцээтэй, сонирхолтой мэдээллүүдийг Монгол хүний нүдээр харан оюун санаанд ойрхон буулган дүрсэлсэн нь энэхүү номыг уншихад улам амттай болгосон байлаа.Миний хувьд энэхүү номыг уншиж дууссаны дараа яагаад гадаадад үргэлжлүүлэн суралцах хэрэгтэй билээ гэдгээ дахин эргэцүүлэхэд хүрсэн юм. Зарим хүүхдүүд Монголдоо сайн ажиллаж амьдрана, гадаадад сурлаа гээд яах вэ гэдэг. Мэдээллийн технологи, харилцаа холбооны дэвшлийн улмаас мөч тутамд улам хурдлан өөрчлөгдөж байгаа дэлхий ертөнцөд ажил үүргийн хуваарь ч мөн адил хувьссаар байна. Өнөөдөр mobilty буюу хувьсах чадвар сайтай, техник, технологи, өөрчлөлтийн боол нь биш эзэн нь байдаг хүн ядуурал, ажилгүйдэл, хямралаас дархлагдан хүсэл мөрөөдлийнхөө төлөө хувьслыг жолоодон амьдрах аж. Үнэндээ бидний ярьдгаар сурсан сураагүй хоёрын хооронд өнгөрдөг энэ 4 жилийн боловсрол цаг минутаар хувьсаж буй даяарчлагдсан дэлхийд 40 жилийн амьдралын баталгаа болж чадна гэж үү? Сур, сур бас дахин сур гэдэг үг Лениний үетэй цуг өнгөрсөнгүй өнөөгийн бидний амьдралын үндсэн зарчим болох бололтой.Эцэст нь хэлэхэд Америкт сурсан тэмдэглэл хэрхэн ном шагайн, цагаа яс баримтлахыг та бүхэнд номлохгүй бөгөөд харин амьдрал гэдэг баялаг их сургуульд хүсэл мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөх урам зоригийг хайрлах болно.Нийтэлсэн Л.Хандсүрэн
Posted by
Economist
on
9:37 PM
in
Сургалт
Дээд эгнээ: Баруун гар талаас Жаргалцэцэг /Экономист клубын дарга/, Энхбаясгалан /төслийн хөрөнгө оруулагч, маркетер/, Хандсүрэн /төслийн удирдагч/, Ган-Очир /хөрөнгө оруулагч, санхүү хариуцагч/, Бямбаноров /менежер/
Доод эгнээ: Баруун гар талаас Цэнд /төслийн маркетер/, Батбаасан /төслийн хөрөнгө оруулагч, санаачлагч/, Лхагвахатан /Багш Оюутан клубын дарга/
Төслийн санаачлагын үе шат
Батбаасан Багш-Оюутан клубын дарга байхдаа 2010 оны хавар Ерөнхий Шалгалт өгдөг бараг бүх хичээлийн чиглэлээр 11-р ангийнханд сургалт явуулах санаа гарган клубынхээ гишүүдтэй хамтран зохион байгуулсан бөгөөд сургалтын багш нар нь бүгд МУИС-ийн Оюутнууд байсан байна. Ингээд энэхүү санаагаа улам өргөжүүлэн сайжруулж сургалтыг намраас дахин эхлүүлэхээр шийджээ.
Төслийн хөгжүүлэлтийн үе шат
МУИС-ийн Клубуудын Зөвлөл дундаас "төсөл бичиж хэрэгжүүлдэг" гэсэн тодотголтой Экономист клубын оюутнууд болох Энхбаясгалан, Чингүн, Ган-Очир нарт 2010 оны зун санаагаа дуулган хамтран хэрэгжүүлэхээр болж төслөө боловсруулсан. Намар хичээл орж жигдэрсээр 11 сар болоход төслийн багт Лхагвахатан, Бямбаноров, Хандсүрэн нар нэмэгдэн орсон байна.
Төслийн хэрэгжүүлэлтийн үе шатТөслийн удирдагчаар Хандсүрэн сонгогдон дотоод бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийснээр хүн бүр хүлээсэн үүрэг, цалинтай ажиллараар болж 11 сарын дундаас Чингүн, Цэнд нарын хариуцсан маркетинг, Бямбаноров, Лхагвадорж, Хандсүрэн нарын явуулсан багш шалгаруулалтын ажлууд идэвхжин эхний ээлжний сургалтыг эхлүүлсэн ба одоогоор хоёр дахь ээлжний сургалтыг хичээллүүлээд явж байна. Мөн төслийн анхны хөрөнгө оруулагчид болох Батбаасан, хөрөнгө оруулагч төдийгүй санхүү хариуцан ажилласан Ган-Очир, сайн маркетер Энхбаясгалан нарын оролцоогүйгээр энэ төслийг төсөөлөх үндэслэлгүй юм.
Төслийн анд нөхдүүд
Энэхүү үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд Экономист клубын хамт олны туслалцааг ихээр авсан бөгөөд клубын удирдагч Жаргалцэцэг болон үйл ажиллагаанд оролцсон Цолмонхишиг, Эрдэнэцогт болон бусад бүх гишүүддээ талархал илэрхийлье. Мөн төслийн сургалтын шигтгээ болох лекцүүдийг тавьсан Баттогтох, Дөл нарт баярласнаа илэрхийлж байна.
Төслийн үр дүн
МУИС-ийн Оюутнууд туулсан замын туршлага, сурсан мэдлэгээ хойч үе, дүү нартайгаа хуваалцах боломж нээгдэж, үйлс нэгтгэн, хамтран ажиллаж, суралцах боломж бүрдсэн юм. Бид энэхүү төслөө цаашид улам баяжуулан өргөжүүлэх бөгөөд бидэнтэй хамтран ажиллах хэн бүхний өмнө үүд хаалга маань нээлттэй байна.
Нийтэлсэн: Хандсүрэн
Posted by
Economist
on
7:21 AM
in
Сургалт

Энэ удаагийн сургалт 12 сарын 4-нөөс 12 сарын 12 сарын 26-ний хооронд явагдаж математикийн 3, англи хэлний 1 анги хичээллэсэн. Ингээд манай сургалтын эхний ээлжээр 32 суралцагчид амжилттай суралцан төгслөө. Сургалтанд хамрагдсан сурагчид сэтгэгдэл өндөр байгаа бөгөөд сургалтын гол давуу талыг "оюутнууд хичээл заадаг тул харилцахад чөлөөтэй байдаг ба мэдэхгүй зүйлээ санаа зоволгүй асууж, санал бодлоо хуваалцах боломжтой байдаг явдал" гэж дүгнэцгээлээ.
Алтан - Өлзий багшийн хувьд математик бол хамгийн дуртай зүйл нь ийм ч учраас тэрээр улсын болон олон улсын математикийн олимпиадын амжилттай оролцогч. Суралцагчдадаа тоог олон өнцгөөс харан, оновчтой шийдлээр бодох арга замуудыг заах төдийгүй тоонд дуртай болох арга барилыг суулгадаг. Сургалтын шавь нар сүүлдээ самбар дээр гарч уралдан боддог болтлоо идэвх сонирхолтой болсныг харахад бахархалтай байлаа.
Золзаяа багш Ерөнхий Шалгалтанд улсдаа дээгүүрт орох өндөр гүйцэтгэл үзүүлсэн ба мөн л математикийн олимпиадын хот, дүүргийн алт, мөнгөн медальтан. Математик болон математикийг заах нь түүний хамгийн хийх дуртай зүйл. Хүн дуртай зүйлээ хамгийн сайн хийдэг гэдэг. Энэ ч утгаараа Золзаяа багшийн ангийн сурагчид сургалтандаа үргэлжлүүлэн суух хүсэлтэй байгаа. Хичээлийг сайтар ойлгуулах чадвар нь Золзаяагийн давуу тал билээ.
Тэмүүлэн багш шилдэг оюутан төдийгүй сайн багш болох нь түүний хичээлд сууж байгаа сурагчид үргэлжлүүлэн хичээллэж, найзуудаа уриалан авчирч байгаагаас харагдаж байгаа. Заах арга барил нь хүүхэд бүрийн онцлогийг харгалзан тулж ажиллах явдал юм. 10 жилдээ Математикийн аварга сурагч байсан бол одоогоор сургалтыг суралцагчдын хэрэгцээнд нийцүүлэн оновчтой арга барилаар заан чадвараа дахин баталсаар байна.
Мягмаржав болон Тэргэл багш нар англи хэлний сургалтыг мөн л амжилттай хичээллүүлэн төгсгөлөө.
Мягмаржав багш Англи хэлийг зөвхөн дасгал тест ажиллуулаад байх төдийгүй бодит амьдралаас сурч, буцаагаад амьдралд хэрэглэдэг болох, хэрэгтэй учраас сурдаг төдийгүй дуртай болтлоо сурахад нь чиглүүлэх арга замуудыг сургалтандаа нэвтрүүлэхийг хичээсэн. Үүний нэг нь англи хэл дээр урсдаг бичиг бүхий кино үзэн, давхар сонсголоо сайжруулж, үгсийн сан, хэрэглээний ярианы англи хэл сурч, англи, америкийн соёлтой танилцах боломжийг бий болголоо. Мягмаржав оюутан солилцооны хөтөлбөрөөр АНУ-д нэг жил суралцаад ирсэн бөгөөд англи хэл сурах өвөрмөц арга барил нь түүний амжилтын нууц юм болов уу?
Тэргэл багш түрүү жил Дэлхийн Эдийн Засгийн Бодлого дахь залуучуудын оролцоо хөтөлбөрийн хүрээнд Нэгдсэн Үндэсний Байгууллагад хүрэлцэн очиж Монголын Залуучуудын дуу хоолойг хүргэн, амжилттай оролцоод ирсэн. Экономист клубын гишүүн бөгөөд чөлөөт цагаараа блог хөтлөн, Монголын кино фанатуудын клубт идэвхийлэн зүтгэж байна. Сонирхолтой амьдралын хэв маягтай түүний амьдралын салшгүй нэг хэсэг англи хэл бөгөөд англи хэлийг амжилтынхаа нууц болгосон түүнийг манай сургалтын багш болсонд бид бахархалтай байгаа.
1 сарын 14-с бид шинэ ээлжийн сургалтаа эхлэх бөгөөд энэ удаагийн сургалтын чиглэлийг суралцагчдын санал асуулгыг авах, шалгалт авах замаар тодорхойлох юм. Сургалтад дахин хамрагдаж байгаа суралцагчдад 11% -ийн хөнгөлөлт үзүүлж байгаа. Мөн 5 найз хамрагдвал 1 нь үнэгүй, сургалтад хамрагдсан бүх сурагчдад "800 оноонд хүрсэн миний амжилтын нууц" зэрэг номнуудыг бэлэглэх болно.
Нийтэлсэн: Хандсүрэн